• 12 сарын 27, Баасан гараг
Хонгор нутгийн тамирчин сурагчид
132 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах “Дөл-2022” цэрэг-спортын цогцолбор тэмцээнд оролцохоор Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяраар ахлуулсан тамирчин сурагчид Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд хүрэлцэн иржээ.

Тасгийн баг тамирчдын олонх нь гар бөмбөг, сагсан бөмбөгөөр хичээллэдэг, спортлог төдийгүй дуу, хөгжмийн авьяасаараа сум орон нутагтаа манлайлагч сурагчид байна. Тасгийн захирагч Б.Төгстөгөлдөр ярихдаа “Бидний гол зорилго энэ уралдаанд тэргүүлэх юм. Багш, дасгалжуулагч нар маань ч хэлдэг. Өөрсдөдөө итгэлтэй бай, зоригтой бай. Та нарын нас зоригтой, шийдэмгий байж чадвал юуг ч давж чадна гэдэг юм. Тэгэхээр бид орон нутгийнхаа зон олон, найз нөхдийнхөө итгэлийг дааж, амжилт үзүүлэхийг чухалчилж байна. Гэхдээ амьдрал баялаг, олон хүчтэй тамирчид байгааг бас хэлэх ёстой. Би Жаргалант сумынхаа Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч” гэсэн бол тасгийн гишүүн М.Отгон-Эрдэнэ “Үе тэнгийнхээ олон хүүхдүүдтэй мөр зэрэгцэн гүйж яваадаа баяртай байна. Үе тэнгийнхнээсээ суралцах зүйл олон байгааг ч мэдэрч байна. “Дөл-2022” цогцолбор тэмцээнд оролцсоноороо өөрийнхөө мөрөөдлийг олсон. Энэ нь би цэргийн мөрдэстэй бүсгүй болох ёстой гэсэн зорилт билээ” гэв.

Хурандаа Г.Нэмэхбаяр “Аймаг, орон нутагтаа “Дөл” цэрэг-спортын тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулж, шилдгүүдээ тодруулсан. Манай тасгийн тамирчин сурагчдын 80 гаруй хувь нь Жаргалант сумынх. Энэ жил Жаргалант сумын түүхт 80 жилийн ой тохиож байгаа. Сум орон нутгийн хувьд “Дөл” тэмцээнд өндөр ач холбогдол өгч, хүүхдүүдээ бэлтгэн оролцуулсан нь өнөөдрийн оролцогчийг олонхыг бүрдүүлж байгаагаас харагдах байх. Манай хүүхдүүд 8 дугаар сарын 1-ний өдрөөс Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид байрлаж, бэлтгэлээ хангасан. Гардан тулаан, жагсаалын үзүүлэх тоглолт, бусад норматив дасгалуудыг гүйцэтгэхэд тусгайлан баг гаргаж, бэлтгэл хангуулсан Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн эрхэм журмын нөхдөдөө талархаж байна.

Мөн орон нутгийн удирдлагууд тэмцээнд оролцогч сурагчдыг маань бүх талаар дэмжиж оролцуулж байгааг дурдах учиртай. Сурагчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх үүднээс сагсны талбай хүртэл барьж өгсөн байгаа.

Манай хүүхдүүдийн бэлтгэл үндсэндээ хангагдсан, гагцхүү сэтгэл зүйг тайван байлгахад нь анхаарч байна. Хүүхэд учраас хөөрөөд байх тал бий. Нутаг нутгаасаа тамирчин сурагчдаа бэлтгэж ирсэн ЗДТГ-ын Цэргийн штабынхандаа амжилт хүсье” гэсэн юм.

Эх сурвалж: Цэрэгжлийн спорт цахим хуудас

2022-08-26 15:07:48