• 12 сарын 27, Баасан гараг
Ус намгийн шувуудын намрын ажиглалт тооллогыг хийлээ
151 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн ЗӨСТ-өөс ус намгийн шувуудын намрын ажиглалт тооллогыг Баянхонгор аймгийн Баацагаан сумын Бөөнцагаан нууранд хийжээ.

Намрын ус намгийн шувуудын ажиглалт тооллогоор нийт найман багийн 10 овгийн 17 зүйлийн 3247 ус намгийн шувуу тоолсон байна. Тооллогын үеэр сумын Эрүүл мэндийн төвийн эмч ажилтнууд болон нуур орчмоор нутагладаг иргэдэд шувууны томуу өвчний өнөөгийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх заваар зөвлөмжийг өгчээ.

Ажиглалт тооллого хийх явцад Phalacrocorax carbo (Тураг гогой) шувууны хуучирсан есөн зэм байсан бөгөөд шувуудын хөдөлгөөн сонор сэрэмж хэвийн байна гэдгийг холбогдох албанаас мэдээлэв.

Монгол орон дөрвөн улирлын эрс тэс уур амьсгалтай хавар, зун, намартаа усны шувууд нүүдэллэн ирж, дайран өнгөрч, зусч, халуун орон руу нүүдэллэн буцаж, дахин ирэх байдлаар жил бүр давтагдан нүүдэллэсээр байдаг онцлогтой. Усны шувуудын гурван их том нүүдлийн зам Монгол орны баруун, төв, зүүн бүсийг дайран өнгөрдөг байна.

Жил бүр Зүүн өмнөд Ази дахь шувууны томууны голомтод ойрхон нутгуудаас олон зуун шувуу нүүдэллэн Монгол болон Сибирь, Арктикт ирдэг. Тэдний багагүй хэсэг Чинхай нуураар дамжин өнгөрдөг учир их нүүдлийн замд байгаа Монгол улс шувууны томуугийн судалгаа мониторингийг тогтмол хийж, ажиглалт тандалтыг тогтмолжуулжээ.

Сонирхуулахад, Бөөнцагаан нуур нь Баянхонгор аймаг дахь Нууруудын хөндийн хамгийн том, давст нуур юм. Хангайн нурууны өмнөд хажуугаас эх авч урсах Байдраг гол цутгах боловч гадагш гарах урсгалгүй бөгөөд Монгол Улсад урсдаг нийт нууруудын хамгийн том талбайтай нууруудын эхний аравт ордог.

Нуурыг алсаас харахад цагаан өнгөтэй харагддаг учраас Бөөнцагаан нуур хэмээн нэрлэсэн түүхтэй. Бөөнцагаан нууранд 96 зүйлийн шувууд хуран цугладаг байна.

2022-10-10 11:20:15