• 12 сарын 27, Баасан гараг
Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах бүсийн тэмцээнд 10 аймгийн тамирчид оролцов
202 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах бүсийн тэмцээнийг Баянхонгор аймгийн ИТХ, Монголын Шатрын холбоо, Баянхонгор аймгийн Шатрын холбоотой хамтран Баянхонгор сумын “Гэгээн сумади” сургууль, цэцэрлэгийн цогцолборт зохион байгуулав.

Тэмцээнд Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Төв, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл, Завхан, Дорноговь, Говьсүмбэр зэрэг 10 аймгийн 262 тамирчин өрсөлдөж аймгууд, Баянхонгор аймгийн сургууль, клубууд, сумдын гэсэн гурван ангиллаар байр эзлүүлжээ.

Аймгуудаас 1 дүгээр байр Хөвсгөл, 2 дугаар байр Өвөрхангай, 3 дугаар байрыг Ховд аймгийн баг тамирчид, Баянхонгор аймгийн төвийн сургууль, клубүүдээс 1 дүгээр байрыг "Гэрэлт ирээдүй" шатрын клуб, 2 дугаар байрыг Номгон сургууль, 3 дугаар байрыг Гэгээн сумади сургууль, цэцэрлэгийн цогцолборын баг тамирчид, Баянхонгор аймгийн сумдаас 1 дүгээр байрыг Баян-Өндөр сум, 2 дугаар байрыг Бөмбөгөр сум, 3 дугаар байрыг Баян-Овоо сум тус тус эзэлсэн байна.

Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд тус тэмцээнийг аймгийн Шатрын гурван удаагийн аварга, Бөмбөгөр сумын харьяат Ж.Готов агсаны нэрэмжит болгон зохион байгуулжээ. Ийнхүү тэмцээнийг Баянхонгор аймгийн ИТХ болон Ж.Готов агсны гэр бүл, үр хүүхэд, ач зээ нар ивээн тэтгэж, аймгийн ИТХ-аас оюуны спорт болох шатрын спортыг дэмжиж хөгжүүлэх зорилгоор 90 шатрыг тэмцээнд амжилттай оролцсон сум, байгууллагуудад бэлэглэжээ.

Тэмцээний ерөнхий шүүгчээр Монголын Шатрын холбооны ерөнхий менежер, улсын шүүгч М.Гүнбаяр, туслах шүүгчээр  улсын шүүгч Н.Алтанзул нар ажилласан байна.

2022-10-25 12:25:32