• 12 сарын 27, Баасан гараг
Монголын хүүхдийн спортын VII наадам Баянхонгорт болно
130 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монголын Хүүхдийн спортын VII наадмыг “Бага олимп” болон бусад тэмцээн уралдааныг амжилттай зохион байгуулсан туршлагатай Баянхонгор аймагт зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал, Баянхонгор аймаг Монголын хүүхдийн спортын VII зуны наадмыг орон нутагтаа зохион байгуулах хүсэлтээ Биеийн тамир, спортын улсын хороонд хүргүүлээд байсан. Энэ дагуу тус аймгаас шаардлагатай тодорхой бичиг баримтыг судалж, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайханаар ахлуулсан ажлын баг Баянхонгор аймагт ажилласан юм. Ийнхүү орон нутагт биеийн тамир, спортыг эрчимтэй хөгжүүлэх, салбарын болон орон нутгийн хөгжлийн ирээдүй, бүтээн байгуулалтад чухал дэвшил авчрах, өөрсдийн боломжид тохирсон спортын наадмыг хүлээн авах, өмнө нь улсын хэмжээний олон наадам, тэмцээн зохион байгуулсан туршлага, аймгийн ИТХ-ын шийдвэр, ажлын багийн дүгнэлт зэргийг үндэслэж дээрх шийдвэрийг гаргасан байна.

Улаанбаатар хотод зургаан удаа болсон наадам Засгийн газраас явуулж байгаа бодлогын дагуу төвлөрлийг сааруулж, орон нутагт биеийн тамир, спортын үйл ажиллагааг зохион байгуулах бодлогын хүрээнд анх удаа орон нутагт ийнхүү болохоор болжээ. 

Батламж гардуулах үеэр Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Оюунбаатар, “Баянхонгор аймагт энэ онд долоон удаагийн УАШТ, олон улсын нэг тэмцээн зохион байгуулсан. Аймгийн хэмжээнд 26 заал, гадаа гурван талбайтай бөгөөд ирэх жил болох Хүүхдийн спортын наадмыг зохион байгуулах бүрэн боломжтой” гэдгийг онцолж байлаа. Мөн тус наадмыг зохион байгуулснаар Баянхонгор аймагт спортын чиглэлээр хийх хөрөнгө оруулалт нэмэгдэж, материаллаг бааз сайжран, иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх таатай орчныг бүрдүүлэх зэрэг олон ажлыг хэрэгжүүлэх үндсэн суурь нөхцөл бүрдэнэ гэдгийг хэлж байв.

2022-11-02 17:00:56