• 12 сарын 26, Пүрэв гараг
"Хүнсний хувьсгал" хөдөлгөөнд манлайлан оролцохоо илэрхийллээ
143 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний нээлт Баянхонгор хотноо боллоо.

Тус үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Баянхонгор сумын ЗДТГ, аймгийн ХХААГ хамтран зохион байгуулж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны хэлтсийн дарга Д.Энхмаа, ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал, ХХААХҮЯ-ны Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга О.Онон нарын бүрэлдэхүүнтэй ажлын баг оролцож байна.

Мөн үеэр, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянхонгор аймгийн "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай уншиж танилцууллаа.

Энэхүү үйл ажиллагааа орон даяар амжилттай хэрэгжиж эхэлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг 21 аймагт эрчимжүүлж, нутгийн удирдлагуудтай хамтран ажиллах зорилготой. “Хүнсний хувьсгал” нээлтийн үйл ажиллагааны үеэр "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, УИХ-аас баталсан 36 дугаар тогтоолын хэрэгжүүлэх арга зам, чиглэлийн талаар мэдээлэл өгч байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумдын Засаг дарга болон Баянхонгор аймгийн 20 сумын аж ахуй нэгжийн төлөөлөл, иргэд, малчид, үйлдвэрлэл эрхлэгчид, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдэд тус үйл ажиллагаанд оролцож, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Баянхонгор аймгийн Засаг дарга О.Мөнхсайхан, "Улс орон даяар "Хүнсний хувьсгал"-ыг эрчимтэй өрнүүлж, дэвшүүлсэн зорилго, зорилтоо ажил хэрэг болгохын төлөө хичээнгүйлэн ажиллаж байгаад талархалтай байна. Баянхонгор аймгийн удирдлагууд, иргэд, малчид, үйлдвэрлэл эрхлэгчид, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд идэвх, санаачилгатай оролцож, төр засгийнхаа дэвшүүлж байгаа хөдөлгөөнийг бүх талаар дэмжин, хамтарч хоршиж ажиллах болно" гэдгийг мөн үеэр онцолж байлаа.

Баянхонгор аймаг нь мах, сүү, сүүн бүтээгдэхүүний  хэрэгцээгээ 100 хувь хангадаг. Харин улаан буудай болон гурилын хэрэгцээгээ бусад аймаг, орон нутгаас хангаж байна. Мөн хүн амын нягтаршил багатай тул томоохон хүнсний үйлдвэр үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байдаг аж. Нийслэл Улаанбаатар хот руу нийлүүлэхэд тээврийн зардал нэмэгдэж үнэд нөлөөлдөг тул бүтээгдэхүүнээ борлуулж чаддаггүй, тиймээс нутгийн удирдлагууд гадны улс руу чиглэсэн экспортын бүтээгдэхүүн бий болгоход анхаарч байна.

Хэлэлцүүлэгт Баянхонгор аймгийн удирдлагууд, иргэд, малчид, үйлдвэрлэл эрхлэгчид, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд идэвх, санаачилгатай оролцож, өөрсдийн санал хүсэлтээ илэрхийллээ.

2022-11-03 12:34:45