• 12 сарын 26, Пүрэв гараг
Ирэх оны төсвийн төслийг өргөн мэдүүллээ
155 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанд аймгийн 2023 оны төсөв, аймгийг хөгжүүлэх 2023 оны хөгжлийн төлөвлөгөөг боловсруулан батлуулахаар өргөн мэдүүлээд буй.

Ирэх оны төсөв, аймгийг хөгжүүлэх 2023 оны хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахдаа Монгол Улсын Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Орон нутгийн хөгжлийн сангийн журам болон холбогдох хууль, тогтоомжийн дагуу холбогдох сум, байгууллага, иргэд, төлөөллийн байгууллагуудын олон талт саналуудыг хүлээн авч зорилт, арга хэмжээнүүдийг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Аймгийн 2023 оны төсвийн бодлого нь Төсвийн тухай хуульд нийцүүлэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Төрийн албан хаагчийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, хотоос орон нутагт шилжин суурьших явдлыг дэмжих зорилгоор төрийн захиргаа, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг хуульд нийцүүлэн нэмэгдүүлэх бодлогыг баримталсан байна.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан хугацаанд бүх сум, байгууллагуудад албан бичиг хүргүүлж саналыг авч, холбогдох бодлогын хэлтсүүд болон ажлын хэсгийн хурлуудаар тус тус хэлэлцэж эрэмбэлжээ.

Аймгийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөө нь 6 бүлэг, 15 зорилго, 128 төсөл, арга хэмжээнээс бүрдэж байгаа бөгөөд зорилт, арга хэмжээгээр нь ангилан  авч үзвэл: 

Хүний хөгжлийн бодлогыг хангах чиглэлээр: 

- “Эрүүл иргэн-Ирээдүйн үнэт зүйл” зорилгын хүрээнд 12 ажил, арга хэмжээнд 4 тэрбум 592.1 сая төгрөг;

- “Идэвхитэй амьдрал-Чийрэг иргэн” зорилгын хүрээнд 7 ажил, арга хэмжээнд 1 тэрбум 46.3 сая төгрөг;

- “Боловсролын чанар хөгжлийн тулгуур” зорилгын хүрээнд 12 ажил, арга хэмжээнд 2 тэрбум 945.1 сая төгрөг;

- Шинжлэх ухаан, инновацийг хөгжүүлэх зорилгын хүрээнд 2 ажил, арга хэмжээнд 17 сая төгрөг;

- “Халамжаас хөдөлмөрт” зорилгын хүрээнд 7 ажил, арга хэмжээнд 2 тэрбум 424.4 сая төгрөг;

- “Соёлтой иргэн-Нийгмийг түүчээлнэ” зорилгын хүрээнд 3 ажил, арга хэмжээнд 119 сая төгрөг;

- “Хонгорын иргэн-Хонгорын баялаг” зорилгын хүрээнд 5 ажил, арга хэмжээнд 113 сая төгрөг;

 

Эдийн засгийн бодлогын хангах чиглэлээр: 

- “Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах” зорилгын хүрээнд 2 ажил, арга хэмжээ төлөвлөж 8 сая төгрөг;

- “Өрсөлдөх чадвартай брэнд бүтээгдэхүүнийг бий болгох” зорилгын хүрээнд 7 ажил арга хэмжээг төлөвлөж 30 тэрбум 248.2 сая төгрөг;

- “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” зорилгын хүрээнд 6 ажил, арга хэмжээнд 371.8 сая төгрөг;

 

Ногоон хөгжлийн бодлогыг хангах чиглэлээр:

- “Эх байгаль-Ногоон байгууламжийг бий болгох” чиглэлээр нийт 16 ажил, арга хэмжээг төлөвлөж 1 тэрбум 183,4 сая төгрөг;

 

Орон нутгийн хөгжлийн бодлогын чиглэлээр:

- “Ээлтэй төлөвлөлт, эрсдэлгүй амьдрал” зорилгын хүрээнд 36 ажил, арга хэмжээнд 31 тэрбум 73,6 сая төгрөг;

“Амар тайван, аюулгүй нийгмийг бий болгох” зорилгын хүрээнд 3 ажил, арга хэмжээг төлөвлөж 525 сая төгрөг;

 

“Батлан хамгаалах салбарын” хүрээнд 4 ажил, арга хэмжээг төлөвлөж 56,8 сая төгрөг;

 

“Ухаалаг засаглалыг бий болгох” чиглэлээр 7 ажил арга хэмжээг төлөвлөж 788 сая төгрөг, бүгд 74, тэрбум төгрөгийг  зарцуулахаар төлөвлөсөн байна.

Шинэчлэн боловсруулсан 2023 оны хөгжлийн төлөвлөгөөг өмнөх оны буюу 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөтэй харьцуулахад  хэрэгжүүлэх  арга хэмжээ  20 хувь буурчээ.

Улс орны эдийн засаг хямарсан энэ цаг үед Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд бүх шилжих хөрөнгө оруулалтуудыг бүрэн санхүүжүүлж, ашиглалтад оруулахаар тусгасан бөгөөд хэрэгжих зайлшгүй шаардлагатай ажил арга хэмжээг шинээр төлөвлөсөн байна. Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд боловсруулж, хэрэгжих анхны бүтэн жилийн төсвийн хүрээнд Баянхонгор аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад чиглэжээ.

Мөн аймгийн хэмжээнд хэрэгжиж буй бодлогын баримт бичиг, дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн 21 арга хэмжээнд 273 сая төгрөг, төрийн бүтээмжийг сайжруулж, албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, сургаж, чадавхжуулах чиглэлээр зургаан салбарын төрийн албан хаагчдыг чадавхжуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 132 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн нь  урьд онуудынхаас онцлог болжээ.

2022-12-02 10:00:56