• 12 сарын 26, Пүрэв гараг
Оны онцлох хүүхдүүдийг тодрууллаа
346 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас "Оны онцлох хүүхэд" үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус үйл ажиллагааны хүрээнд тухайн жилд урлаг, спорт, сурлагын амжилтаараа аймаг орон нутаг, улс бүс, тив дэлхийн чанартай тэмцээнүүдэд сургууль, аймаг, орон нутгаа төлөөлөн оролцож, амжилт гаргасан сурагчдыг шалгаруулан урамшуулдаг уламжлалтай.

Энэ удаагийн шалгаруулалтад Оны онцлох хүүхдээр 12 сурагчийг шалгаруулсан бол Шилдэг баг хамт олноор "Номун далай" цогцолбор сургуулийн "Сурагчдын удирдлагын нэгдсэн зөвлөл"-ийг шалгаруулжээ.

Баянхонгор аймгийн "Номун далай" цогцолбор сургуулийн 12д ангийн сурагч А.Хуншагайг "Хүмүүнлэг, энэрэнгүй сарын үйлстэн"-ээр шалгаруулав.

А.Хуншагай Цагаан сарын шинийн 2-нд /2022.2.3/ Шаргалжуутын ар Жаргалант гэдэг газраас малчин А.Нэмэхийн туслах малчин Өлзийт сумын харьяат н.А-г мотоциклтэй төөрөн, хээр осгосон байдалтай байсныг олж амь насыг нь авран, анхны тусламж үзүүлж, Шаргалжуут тосгоны эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.

Мөн тэрээр 2022.1.29-ний өдөр Баянхонгор аймаг дахь "Лидер сурагч академи"-аас сар шинийн баярыг тохиолдуулан зохион байгуулсан "Сар шинэдээ сайхан шинэлээрэй" аяныг өрнүүлж дөрвөн өрхөд хүнсний бүтээгдэхүүний тусламж дэмжлэг хүргэсэн бол 2022.10.1-нд Ахмадын баярыг тохиолдуулан ерөнхий боловсролын лаборатори "Номун далай" сургуульд ажиллаж багшилж байсан ахмад багш нарт сэтгэлийн үгтэй захидал болон 7-12 дугаар ангийн 35 ангийн сурагчдын хандивласан 1000 төгрөгийг бүрдүүлэн 35 ахмад настанд тус тус 30 мянган төгрөгийг дансаар болон өөрсдийн биеэр хүргэн өгчээ.

2022.9.5-нд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн “Цус цуглуулах төвд” сайн дураараа 400 мл цусаа хандивлаж 3 хүнд амьдрал бэлэглэсэн. Монголын сурагчдын холбооны дэргэдэх Баянхонгор аймаг дахь "Лидер сурагч академи"-аас Ардын боловсролын тэргүүний ажилтан мэтгэлцээний үндэсний сургагч багш С.Цэндмаагийн нэрэмжит "Карл поппер"-ийн мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулжээ.

Мөн Баянхонгор аймаг дахь "Лидер сурагч академи"-аас санаачлан зохион байгуулсан "Халуун аарц" сайн үйлсийн аяны хүрээнд өвлийн хүйтэнд гадаа худалдаа, наймаа эрхэлдэг хүмүүст зориулан дархлааг нь дэмжин тэдэнд халуун аарцаар дайлах аяныг өрнүүлж, уламжлал болгосон зэрэг ажлыг нь үнэлэн "Оны онцлох хүүхэд"-ээр шалгаруулсан байна.

2022-12-15 15:38:25