• 12 сарын 26, Пүрэв гараг
Хоолны нэр төрлийг олшруулж, өндөр шим тэжээлтэй байлгахад анхаарч байна
183 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор сумын 6 дугаар цэцэрлэгт 2020 оноос НҮБ-ын санхүүжилтээр “Эрүүл хооллолт идэвхтэй хөдөлгөөн” төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд хүүхдүүдийг эрүүл хоол хүнсээр хангахад анхаарч ажиллаж байгаагаа эцэг эхчүүдэд тайлагнах үйл ажиллагааг зохион байгуулж, хүүхдийн хоолны нэг сарын цэсээр үзэсгэлэн гаргаж танилцуулж байна.

Үзэсгэлэнд хүүхэд цэцэрлэгтээ иддэг хоол хүнс, цэцэрлэгийн нэг сарын хоолны цэсээр үзүүлэх ажил зохион байгуулж, амталгаат үзэсгэлэн дэлгэснээс гадна гэрийн нөхцөлд хэдэн цагт, ямар төрлийн хоолыг хийж өгөх талаар зөвлөгөө зөвлөмж өгчээ.

Баянхонгор сумын 6 дугаар цэцэрлэг 8 бүлэгт 236 хүүхэд сурч хүмүүждэг бөгөөд тус цэцэрлэг 200 орчим нэр төрлийн шимт хоолыг хүүхдүүдэд хийж өгдөг байна. Тодруулбал, 78 төрлийн хоёрдугаар хоол, 80 төрлийн шөлтэй хоол, 35 төрлийн зууш, 12 төрлийн жүүсийг хүүхдүүдэд хийж өгдөг аж.

Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, эрүүл хооллолт, идэвхтэй дасгал хөдөлгөөний орчин бүрдүүлэх замаар хоол тэжээлээс хамааралтай эмгэгийг бууруулах зорилгоор хоолны нэр төрлийг олшруулж, шим тэжээлтэй хоол хүнсийг хүүхдүүдэд өгч байгаагаа цэцэрлэгийнхэн ийнхүү танилцуулав.

Тус цэцэрлэг нь Хүүхдийн хоолны хэрэгсэл, тогооч нарын ажлын хувцас багаж хэрэгслийг нэмэгдүүлэн "Цэцэрлэгийн хүүхдийн шимт тэжээлийн боловсрол" сургалтад багш нарын 60 хувь нь хамрагдаж сургагч багшаар бэлтгэгджээ.

Ташрамд дуулгахад, 6 дугаар цэцэрлэг нийт эцэг эхчүүдэд хүүхдийг багаас нь нас, хөгжлийн онцлогт тулгуурлан шим тэжээлтэй, зөв зохистой хооллох талаарх сургалт, нөлөөллийн ажлыг уламжлал болгон зохион байгуулдаг болжээ.

2022-12-20 12:30:45