• 12 сарын 26, Пүрэв гараг
Энэ онд 1377 кг алт хайлж, гулдмайлжээ
187 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баруун бүсийн тулгуур төв болох Баянхонгор аймагт сорьц тогтоох лаборатори 2022 онд 1377 кг алт хайлж, гулдмайлан, сорьц тогтоох шинжилгээг хийжээ.

Үнэт металлын сорьц тогтоох лаборатори нь Баянхонгор аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ онд 17 аж ахуйн нэгж, 12 иргэний нийтдээ 685 ширхэг алтан гулдмайг хайлж хэвлэн, сорьц тогтоох химийн шинжилгээг гаргасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны “Алт-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Швейцарын хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл болон Стандарт, хэмжил зүйн газрын харьяа Үнэт металлын сорьцын хяналтын газартай хамтран Сорьцын лабораторийн үйл ажиллагааг 2018 оны 10 дугаар сарын 18-нд эхлүүлж байжээ.

Тус лабораторийн үйл ажиллагаа нь Монгол Улсын “Эрдэнэсийн сангийн тухай”, “Ашигт малтмалын тухай” хууль тогтоомж, Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолоор хүлээсэн чиг үүргийг сурталчлах, хүргэх, сорьцын баталгаат байдлыг хууль тогтоомжийн хүрээнд хангуулан ажиллахад чиглэдэг аж.

Сонирхуулахад, Баянхонгор аймагт алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээ нэвтрүүлээд дөрвөн жил гаруй болж буй. Тус лаборатори 2018 онд 88 кг, 2019 онд 657кг, 2020 онд 1229кг, 2021 онд 1267 кг алт хайлж, гулдмайлан, сорьц тогтоож байсан байна. Тус тоон үзүүлэлтээр жил ирэх тусам Сорьцын лабораторийн үйл ажиллагаа идэвхжиж байгааг харж болохоор байгаа юм.

2022-12-21 18:58:33