• 12 сарын 26, Пүрэв гараг
“Хог биш мод тарьж, Хонгор нутгаа ногооруулъя” уриалгыг дэвшүүлэв
245 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 2020 оны байдлаар, Монгол орны цөлжилтийн үнэлгээгээр нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай доройтсон. Үүнээс нэн хүчтэй 4.7 хувь, хүчтэй 18.6 хувийг эзлэх ба Засаг захиргааны нэгжийн хувьд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн нийт газар нутгийн 50-70 хувь цөлжилт, газрын доройтолд өртсөн.

Энэ бол Цөлжилтийн мэдээллийн сан дахь тоо баримт. Тухайн судалгааг таван жилд нэг удаа хийдэг бөгөөд сүүлийн үзүүлэлт аж.

Цөлжилт гэж юу вэ?

Desertification буюу "desert" "fication" гэдэг англи үгийг үгзүйн хувьд авч үзвэл цөл бий болгох гэсэн утга санааг илэрхийлдэг. Цөлжилт бол удаан хугацаагаар үргэлжлэх газар доройтох үйл явц, цөл бол энэ үйл явцын төгсгөлийн үе шат гэж үздэг. Байгалийн хүчин зүйл болон хүний үйл ажиллагааны олон талт нөлөөнөөс хамаардаг учир цөлжилтийн нийтлэг нэгдсэн тодорхойлолт гаргахад нэлээд хүндрэлтэй. Орчин үед Цөлжилттэй тэмцэх олон улсын конвенцээс гаргасан тодорхойлолтыг илүү баримтлах болжээ. Тус конвенцид зааснаар "Уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаа хавсарсан олон янзын хүчин зүйлсийн нөлөөгөөр хуурай, заримдаг хуурай, хуурайвтар, чийг дутмаг нутаг оронд газар орчин доройтохыг цөлжилт гэнэ" гэж тодорхойлсон байдаг байна.

Монгол орон нь газар зүйн байршил, эх газрын эрс тэс уур амьсгал зэргээс хамааран дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд эрчимтэй өртөөд байгаа 10 орны нэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дулааны улирлын хур тунадасны хэмжээ ихээхэн буурч хуурайших, гандуу болох, цөлжих явц илүү ажиглагдах болсон. Сүүлийн 80 жилийн уур амьсгалын үндсэн үзүүлэлтийн ажиглалтаар Монгол орны хэмжээнд дундчилсан байдлаар жилийн агаарын температур 2.25 градусаар дулаарч, хур тунадасны хэмжээ 8 хувиар буураад байгаа аж.

Баянхонгорын нийт газар нутгийн 10 шахам хувь нь цөлжилтөд нэн хүчтэй өртөөд байна

Баянхонгор аймаг хангай, говь, тал хээр хосолсон газар нутгийн онцлогтой. Тус аймаг нь шилмүүст ойтой таван сум, заган ойтой долоон сумын ойн сангийн нийт талбай 820.681 га буюу аймгийн нутаг дэвсгэрийн 7.08 хувийг эзэлдэг. Баянхонгор аймагт нэг сум дундын ойн анги, 12 ойн нөхөрлөл ажиллаж байна.

2020 оны судалгааны үнэлгээгээр Баянхонгор аймгийн нийт нутаг дэвсгэрийн дийлэнх хэсэг нь цөлжилтөд өртсөнөөс нэн хүчтэй 9.8 хувь, хүчтэй 33.6 хувь, дунд зэрэг 54.7 хувийг тус тус эзэлж байна.

Иймээс Баянхонгор аймгийн хувьд цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулахад чиглэсэн агро-ойн аж ахуйг хөгжүүлж, иргэдийн амьжиргааны тогтвортой эх үүсвэрийг бий болгох, иргэдэд мод тарих соёлыг төлөвшүүлэх нь хамгийн бодит үр дүн болно гэдгийг албаныхан онцолж байгаа юм.

 

 

“Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод ойжуулах, ойг нөхөн сэргээх, хамгаалах замаар 2030 онд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг газар нутгийн 9 хувьд, 2050 онд 10.5 хувьд хүргэж, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, нэн хүчтэй, хүчтэй доройтолд өртсөн газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэхгүй хязгаарлах улмаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, усны нөөцийн хомсдолоос сэргийлэх, газрын доройтол, цөлжилтийг сааруулах хамрах хүрээг тэлэхэд онцгой анхаарч, 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар өрнүүлж буй. Тэгвэл Баянхонгор аймаг тус үндэсний хөдөлгөөнд 20 сая мод тарихаар нэгдэж, “Хог биш мод тарьж, Хонгор нутгаа ногооруулъя” уриалгыг дэвшүүлээд байна.

Мод тарих хөдөлгөөн нь зөвхөн цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлаас гадна аймгийн иргэд тодорхой түвшинд ажил орлоготой болох боломж гэдгийг аймгийн удирдлагууд онцолж байгаа юм. Ийнхүү 2030 он хүртэл 20 сая мод тарих ажлыг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд 307 хүн байнгын, 35 мянган хүн түр ажлын байраар хангагдах аж.

30 мянган мод тарьж ургуулж байна

Баянхонгор аймгийн сум дундын ойн анги аймгийн төвд мод үржүүлгийн 6.05 га талбайд 17 нэр төрлийн 25 мянга гаруй ширхэг суулгацыг тариалалт хийн ургуулж байна. Ийнхүү өнгөрсөн намрын мод тарилтаар Баянхонгор аймаг тойрсон ойн зурваст 10 мянган ширхэг улиас тарьжээ. Ингэснээр аймаг тойрсон ойн зурвасыг бүрэн моджуулж, нийт 30 мянган мод тарьж ургуулж байна. 

2023-03-21 10:00:48