• 12 сарын 24, Мягмар гараг
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР ӨНӨӨДӨР /2023.12.03/ ТОХИОЖ БАЙНА
238 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА.

     Нэгдсэн Үндэстний Байгууллагаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр” болгон анх 1981 онд зарласан билээ. Өдгөө манай улс 33 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай аймагт 26737 өрхийн, 89643 хүн амьдарч байгаагийн 3988 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Дээрх иргэдийн 1498 нь төрөлхийн, 2490 нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагаас олдмол хөгжлийн бэршээлтэй иргэдийг шалтгаанаар нь авч үзвэл ердийн өвчин 77 хувь, ахуйн ослоор 15 хувь, үйлдвэрлэлийн осол 1 хувь, зам тээврийн осол 4 хувь, мэргэжлээс шалтгаалах өвчин 3 хувийг тус тус эзэлж байна.

      Аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газар хамтран тус өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй хүн нийгмийн нэг гишүүн байж бусдын адил сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх, эрүүл амьдрах, мэдээ, мэдээллийг адил тэгш авах эрхтэйг олон нийтэд ойлгуулж, тэдний нийгэмд эзлэх байр суурийг нийгмийн бүхий л давхаргад бий болгох, адил тэгш эрх эдлэх, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэд, орон нутгийн хэвлэл мэдээллийн болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон “Хөгжлийн бэрхшээл ба тэгш хүртээмж-2023” хэлэлцүүлэг, “Сонсох өдөр” өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөгт Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагууд болох Төрийн цахим үйлчилгээний хэлтэс, (ХУРДАН цэг) Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Соёл урлагийн газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Биеийн тамир спортын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Монголын залуучуудын холбооны Баянхонгор аймагт дахь салбар холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй холбоодууд, олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллага, тусгай хэрэглэгдэхүүний дэлгүүр оролцож, төрөөс үзүүлж буй үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл өгч, тэдний дуу хоолойг сонсож ажиллав.

      Өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй 250 гаруй иргэд оролцож, Төрийн цахим үйлчилгээний хэлтсээс төрийн цахим үйлчилгээний хүртээмж, e-mongolia.mn цахим платформын хүртээмжийн тохиргооны талаар мэдээлэл хүргэж, аймгийн засаг дарга хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж байгаа олон асуудлыг газар дээр нь шийдвэрлэв. Дээрх өдөрлөгийг аймгийн хэмжээнд бүх сумдад нэг өдөр, нэг цагт зохион байгуулж буйгаараа онцлог юм. Хэлэлцүүлэг, өдөрлөгөөс гарсан санал, шийдвэрийг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл болон сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж хэрэгжилтийг ханган ажиллана.

 

 

2023-12-03 16:25:00