• 12 сарын 24, Мягмар гараг
Баянхонгор аймаг, сумдын ИТХ, ЗДТГ-ын төрийн албан хаагчдын “ЁС ЗҮЙГЭЭР МАНЛАЙЛЪЯ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН, СПОРТЫН НААДАМ ЭХЛЭВ
294 ХҮН ҮЗСЭН БАЙНА

   Төрийн албан хаагчдын ажлын уялдаа, эргэх холбоог сайжруулах, харилцан туршлага солилцож суралцах, сахилга хариуцлага, ёс зүй, ур чадвар, бүтээлч санал санаачилга, тасралтгүй хөгжлийг дэмжих, тэдний манлайллыг нэмэгдүүлэх,  спортоор нөхөрсгөөр өрсөлдөх боломжийг бий болгох зорилгоор Баянхонгор аймгийн ИТХ-ын ажлын алба, АЗДТГ, Баянхонгор аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс хамтран “Ёс зүйгээр манлайлъя” зөвлөгөөн, спортын бага наадмыг 2024 оны 01 сарын 04-05-ны хугацаанд Баянхонгор хотод зохион байгуулж байна.

   Зөвлөгөөн, спортын бага наадамд аймаг сумдын ИТХ-ын ажлын алба, аймаг сумдын ЗДТГ-ын бүрэлдэхүүн буюу улс төр, төрийн захиргаа, төрийн үйлчилгээний нийт 700 орчим төрийн албан хаагчид оролцож байна.

  Зөвлөгөөний арга хэмжээ өглөө 09:00 цагт эхэлж, аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь нээж үг хэлэхдээ өргөсөн тангарагтаа ямагт үнэнч байж, бүх ажлын ард үүрэг хариуцлагыг үүрч авч гардаг нийт төрийн албан хаагчдынхаа оролцоотойгоор Баянхонгор аймаг улсын чанартай олон томоохон олон арга хэмжээг аймаг орон нутагтаа амжилттай зохион байгуулсан гэдгээ онцлон дурдаад талархал илэрхийлэв.

    ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Норов төрийн албан хаагчиддаа хандан мэндчилгээ дэвшүүлж, спортын бага наадамд нь амжилт хүсэв.

   Баянхонгор аймгийн хэмжээнд 181 төрийн байгууллагад 5079 төрийн албан хаагч ажиллаж байгаа юм.

  Шинэ оны эхэнд нийт төрийн албаныханд зориулан “Төрийн албаны ёс зүй, баримтлах зарчим” сэдвээр АЗДТГ-ын дарга, Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Д.Энхжаргал, “Хувь хүний харилцаа, соёлын шинэтгэл” сэдвээр "Иргэний засаглал" ТББ-ын тэргүүн, сургагч багш Б.Ууганхүү нар тус тус илтгэл мэдээлэл хийснээр төрийн албаны дунд зарлан явуулсан болзолт уралдааны дүнг зарлан шилдгүүдийн шагналыг гардуулав.

   "Ёс зүй хандлага зөвтэй төрийн алба - 3 аян"-ыг аймгийн ХДТ-ын хамт олон, Бөмбөгөр сумын цэцэрлэг, Баянлиг сумын ЗДТГ-ын хамт олон тэргүүллээ.

АЗДТГ-ын ХЭЗХ-ээс зохион байгуулсан “Хуулиа дээдэлье” уралдаанд:

1-р байр: Баацагаан сумын ЗДТГ;

2-р байр Баянбулаг сумын ЗДТГ;

3-р байр Бууцагаан сумын ЗДТГ-ын хамт олон шалгарчээ.

Шударга удирдагч, ил тод байгууллага” аянд:   

1-р байр ХХҮГ;

2-р байр ЭМГ;

3-р байр Хүрээмарал сум түрүүлэв.  

 "Батлан хамгаалах хууль тогтоомжийг амжилттай хэрэгжүүлэгч"-ээр Баацагаан, Заг, Бууцагаан сумдын ЗДТГ-ын хамт олон тус тус шалгарч алдаршив.

   Мөн төрийн албанд өндөр үр бүтээлтэй ажиллаж буй зарим сумдын ЗДТГ-ын дарга мэргэжилтнүүдийг аймгийн ИТХ, Засаг даргын шагналаар шагналаа.

Энэ үеэр авьяаслаг төрийн албан хаагчид театрын тайзнаа 30 минутын нэгдсэн тоглолт толилуулснаар зөвлөгөөн өндөрлөв.

     Одоо Баянхонгор аймгийн 20 сумын ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын бүрэлдэхүүн спортын таван төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодруулах болно.

Мэдээллийг Нээлттэй засаг - Нэг Баянхонгор  Facebook пэйж хуудсаас авах боломжтой.

 

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ

2024-01-04 15:00:00