• 12 сарын 24, Мягмар гараг
ДЭЛХИЙН ЗАРИМ ОРНЫ ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫГ УДИРДАХААР БОЛСОН ХОНГОР НУТГИЙН ХҮҮ, МОНГОЛЫН ГЕНЕРАЛ Б.ЭРДЭНЭБАТАД АЙМГИЙН УДИРДЛАГА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
188 ХҮН ҮЗСЭН БАЙНА

   Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд бүх түвшинд нь ажиллаж, эх орон, Монгол Улсын нэр хүндийг олон улсад цуурайтуулсаар байна. Үүний нэг жишээ болохуйц мэдээлэл НҮБ-ын цахим хуудаснаа хэвлэгдсэн нь Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Эрдэнэбатыг НҮБ-ын Кипр дэх энхийг сахиулах ажиллагааны цэргийн хүчний командлагчаар үүрэг гүйцэтгэхээр шалгаран томилогдсоныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш албан ёсоор зарласан байна. Ийнхүү Монгол Улсын Зэвсэгт хүчний генерал Кипр дэх НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа дэлхийн зарим орны цэргийн алба хаагчдыг нэгтгэн удирдахаар болсон юм.

    Энэ нь Азийн орнуудын Зэвсэгт хүчний алба хаагчдаас анх удаа Монгол Улсын Зэвсэгт хүчний генерал энэхүү хариуцлагатай албанд томилогдож байгаагаараа онцлог юм. Бригадын генерал Б.Эрдэнэбат 2020, 2021 онуудад БНӨСУ-д явагдаж буй энхийг сахиулах ажиллагааны Жуба секторын командлагчаар ажилласан туршлагатай бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчинд 1996 онд Цэргийн их сургуулийг Ерөнхий цэргийн команд, штабын офицер мэргэжлээр төгсснөөс хойш үүрэг гүйцэтгэж байгаа юм байна.

   Бригадын генерал Д.Эрдэнэбат Баянхонгор аймгийн Эрдэнэцогт - Өлзийт сумын уугуул бөгөөд энхийг сахиулах ажиллагааны цэргийн хүчний командлагчаар үүрэг гүйцэтгэхээсээ өмнө төрөлх хонгор нутагтаа ирж, Номгон хайрхандаа гарч хүндэтгэл үзүүлэн, хөгшид азай буурлууддаа золгожээ.

   Түүнийг нутагтаа ирэх үеэр Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, АЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хуранаа Г.Нэмэхбаяр нар хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлэв.

    Дэлхийн энх тайвны үйлсэд хүчин зүтгэх таны баатарлаг үйлсэд амжилт хүсье.

    Мэдээллийг Нээлттэй засаг - Нэг Баянхонгор  Facebook пэйж хуудсаас авах боломжтой.

 

БАЯНХОНГОР  АЙМГИЙН ЗДТГ-ЫН ЦЭРГИЙН ШТАБ

2024-01-08 16:00:00