• 12 сарын 24, Мягмар гараг
Баянхонгор: МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 32 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
220 ХҮН ҮЗСЭН БАЙНА

    Монголын ард түмэн бид: Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийн тулд ардчилсан шинэ үндсэн хуулиа батлаад эдүгээ 32 жилтэйгээ ойтойгоо учран золгож байна.

  Монголын нийгмийн харилцааны язгуур үндэс болсон хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхаглан баталсан энэхүү эрх зүйн шинэчлэлийн ойд зориулан Баянхонгор аймгийн ИТХ-аас үндэсний бөхийн барилдааныг спортын ордонд өнөөдөр /2023.01.12/ зохион байгуулж байна.

  Үндэсний бөхийн барилдааныг Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Эрдэнээгийн Энхбат нээж, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан мэндчилгээ дэвшүүлэв.

  Тэртээ 32 жилийн өмнө аймаг орон нутгаа төлөөлөн ардын хурлын депутатаар сонгогдон шинэ үндсэн хууль батлалцсан 21 эрхмийн нэг Анандын Рэгзэн үндэсний бөхийн барилдааны нээлтэд урилгаар оролцов.

   32 жилийн ойн хүрээнд аймаг, сумын цолтой 32, өсвөрийн гурван насны ангиллаар 96 нийт 128 бөхийн барилдаан болж буй юм. Нээлтийн үеэр ХДТ-ын уран бүтээлчид ая эгшгийн мялаалга өргөв.

  Ойг тохиолдуулан 01 сарын 13-ны 11:00 цагт тусгаар тогтнолын баганад цэцэг өргөж хүндэтгэл илэрхийлэх арга хэмжээг ИТХ-ын ажлын албанаас зохион байгуулах бол энэ 2024 онд тохиож буй Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн хүрээнд олон ажил арга хэмжээг ИТХ, ЗДТГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

 Мэдээллийг Facebook пэйж хуудсаас авах боломжтой.

2024-01-13 10:00:00