• 12 сарын 23, Даваа гараг
БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН АМНЫ ХӨНДИЙН ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР “НҮҮР АМНЫ ЭРҮҮЛ АХУЙН СУРГАГЧ“ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
84 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын тамгын газраас санаачлан “Мишээл” хүүхдийн сантай хамтран “Нүүр амны эрүүл ахуйн сургагч“ бэлтгэх сургалтыг 2024 оны 09 дүгээр сарын 09 – 11-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтын нээлтэд аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Энхжаргал, Мишээл хүүхдийн сангийн үүсгэн байгуулагч Габриелла Шмитд Корситто, Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтнүүд, төслийн багийн ажилтнууд оролцлоо.

Уг арга хэмжээ нь тус сантай хамтран зохион байгуулж байгаа 2 дахь арга хэмжээ бөгөөд энэ оны 3 дугаар сард алслагдсан сум, баг болох Заг, Баянбулаг, Шаргалжуут сумдад шүдний үзлэг оношилгоо, эмчилгээ, сургалтыг зохион байгуулж, 900 гаруй хүүхэд багачуудыг хамруулсан.

Энэхүү “Нүүр амны эрүүл ахуйн сургагч“ бэлтгэх онол, дадлага хосолсон сургалтад 20 сумдын Эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэг, Баянхонгор сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 86 эмч, багш, мэргэжилтнүүд хамрагдаж байгаа бөгөөд сургалт явуулах иж бүрэн багц хэрэглэгдэхүүнээр хангагдах юм.

Манай аймгийн хувьд эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан 0-17 насны 18317 хүүхдүүдийн 50.4 хувь буюу 9232 хүүхдэд шүд цоорох өвчлөл илэрсэн нь хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байна. Ялангуяа 6-17 насны хүүхдийн шүд цоорох өвчний тархалт 83 хувьтай байгаа нь хүүхдийн эрүүл мэндэд анхаарал хандуулах шаардлага урган гарч байгааг харуулж байна.

Иймд хүүхдийн шүдний цоорлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт эрүүл амьдралын хэв маяг төлөвшүүлэх, эмчлэн эрүүлжүүлэх, амны хөндийн эрүүл ахуйн сургагч багш бэлтгэх, хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах чиглэлээр урт хугацаанд үр дүн гаргах зорилгоор “Мишээл” хүүхдийн сантай хамтран ажиллаж байна.

 

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТЭС

2024-09-10 11:06:00