• 12 сарын 22, Ням гараг
НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-ШИЛМЭЛ МАЛ 2024 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
31 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын 2024 оны А/492 дугаар захирамжийн дагуу “Намрын ногоон өдрүүд-шилмэл мал 2024” үзэсгэлэн худалдаа 09 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн “Биеийн тамир спортын хороо”-нд зохион байгуулагдаж байна.

Тус арга хэмжээний нээлт өнөөдөр /2024.09.20/ боллоо.

Нээлтийн арга хэмжээнд “Намрын ногоон өдрүүд-шилмэл мал 2024” арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаа төр болон хувийн хэвшлийн төлөөллүүд болох аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Л.Мандал, Баянхонгор аймгийн Төрийн банкны захирал Б.Батбаяр, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтогтох, аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын мэргэжилтэн н.Сарангэрэл нар оролцлоо.

Нэгдсэн арга хэмжээг нээж аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Л.Мандал үг хэллээ. Тэрээр найман үндсэн чиглэлээр зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэлэн худалдаа нь шилдэг ашиг шим сайтай орон нутгийн омгийн малыг олон нийтэд сурталчлах, тоо толгойг нэмэгдүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, Баянхонгорын онцлогтой, зах зээлд өрсөлдөх чадвартай брэнд бүтээгдэхүүн бий болгох зорилгоор зохион байгуулагдаж байгааг хэллээ.

Мөн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь улс орны хөгжлийг хөдөлгөх хүч болсоор ирсэн бөгөөд манай аймгийн хувьд нийт 45.8 мянган ажиллагчдын 25.0 мянган иргэн буюу 54,58 хувь нь тус салбарт ажиллаж, дотоодын нийт бүтээгдэхүүний 37.4 хувийг үйлдвэрлэж байгааг дурдлаа.

Өнөөдрийн үзэсгэлэн худалдаанд 10 гаруй сумын 70 иргэн, аж ахуйн нэгж, үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгч нар бүтээгдэхүүнээ сурталчлан оролцож байна.

Иргэд та бүхнийг тус үзэсгэлэн худалдаанд өргөнөөр оролцож, орон нутгийн бизнес эрхлэгчдээ дэмжиж, ЖДҮ-ийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахыг урьж байна.

2024-09-20 15:00:00