• 12 сарын 22, Ням гараг
Баянхонгор: ШИНЭ ХОРШОО ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД 1277 МАЛЧИН ӨРХӨД 36,9 ТЭРБУМЫН ЗЭЭЛИЙГ ОЛГОЖЭЭ
12 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо чинээлэг малчин” үндэсний хөдөлгөөний хүрээнд малчид хоршоологчдын санал хүсэлтийг сонсох, шинээр байгуулагдсан болон зээлд хамрагдсан хоршооны үйл ажиллагаанд бодлогын дэмжлэг үзүүлэх, арга зүйн зөвлөмж хүргэхээр малчид хоршоологчдын аймгийн зөвлөгөөнийг аймгийн ХХААГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран /2024.12.03/ зохион байгуулж байна.

Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд Баянхонгор аймгийн хөдөө аж ахуйн салбарт томоохон дэмжлэг, хөрөнгө оруулалтыг энэ хугацаанд үзүүлжээ. Тодруулбал, 20 суманд 279 хоршоо шинээр байгуулагдсан ба 256 хоршооны 1277 малчин өрхөд 36,9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг таван жилийн хугацаатайгаар олгожээ. Үүнээс 1145 малчин өрхийн зээл зээлийн батлан даалтын сангаас гарсан байна.

Малчид хоршоологчдын зөвлөгөөнийг аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан нар нээж үг хэлэхдээ "Ирэх дөрвөн жил хөдөөгийн сэргэлтийг ахиулан эрчимжүүлсэн, бодлого төлөвлөлтөө түүнд чиглүүлсэн цаг хугацаа байх болно. Үүнд бүх шатны удирдлага, иргэд малчид хоршоологчдын хамтын ажиллагаа, хоорондын уялдаа холбоо, хүлээсэн үүрэг хариуцлага, оролцоо нэн чухал байх болно. Малчдын орлого, санал санаачилгыг дэмжиж шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд олгогдсон хөнгөлөлттэй зээл, хийгдсэн хөрөнгө оруулалт зориулалтын дагуу зарцуулагдаж, зээлжсэн төслүүд жинхэнэ агуулгын хүрээндээ бүрэн дүүрэн хэрэгжих ёстой" гэж анхааруулав.

Зөвлөгөөнд аймгийн хэмжээний 20 сумын 160 гаруй төлөөлөл оролцож төрөөс малчдын талаар баримталж буй бодлого шийдвэр , шинэ хоршоо хөдөлгөөн болон хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй олон чухал арга хэмжээний талаар бодит мэдээллээр хангагдаж байна.

Тун удахгүй шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд хөнгөлөлттэй зээлд хамрагдсан хоршоодын үйл ажиллагаанд хяналт шинжилгээг явуулахаар ажлын хэсэг томилогдоод буй аж.

Дашрамд дурдахад Баянхонгор аймаг нь 17,101 өрхийн 88,499 хүн амтай ба үүний 55,9 хувийг 15150 малчин өрх эзэлж байгаа юм.

2024-12-03 16:00:00