• 02 сарын 05, Лхагва гараг
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЦОМ ХОНГОР НУТАГТ МОРИЛОВ
24 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ын төлөөх шилдэг 128 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Эм Си Эс" групп, "Богд Банк", "Хос Хаш Оюу", "Гал хонгор" ХХК-ийн бөх, улсын начин Энхтүвшингийн Батмагнай түрүүлж, Төрийн тэргүүний нэрэмжит цомыг Хонгор нутгийн бөх анх удаа хүртсэн билээ.

Шинэ оны босгон дээр /2025.01.06/ Улсын начин Э.Батмагнай, дасгалжуулагч багш С.Мөнхдуулдахын хамт аймгийн удирдлагатай уулзан, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг төрсөн нутагтаа морилуулав.

Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан Хонгор нутгийнхаа нэрийг бөхийн дэвжээнд тод гаргасан Улсын залуу начин болоод түүний дасгалжуулагч багш нарт амжилт хүсээд, төрийн тэргүүний авшиг, ерөөлийг төрөлх нутагтаа авч ирсэнд талархал илэрхийлэв.

Энэ үеэр Улсын начин Э.Батмагнай, дасгалжуулагч багш С.Мөнхдуулдах нар 30 ширхэг чөлөөт бөхийн өмсгөл борцовкаг /4,5сая төгрөгийн үнэ бүхий/ аймгийнхаа шинэ залуу бөхчүүдийн бэлтгэл сургуулилтад дэмжлэг болгон хандивлав.

Хонгор нутгийн бөхчүүдийн хувь ерөөл түвшин сайхан, хүчтэй, хийморьтой, өнгө зүс нь үлэмж жигд магнайлж явах болтугай.

2025-01-06 18:00:00