• 02 сарын 05, Лхагва гараг
НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ЭВАРИСТЕ КОУАССИ-КОМЛАН, УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХНАСАН НАР БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАВ
31 ХҮН ҮЗСЭН БАЙНА

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга Л.Энхнасан нараар ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт /2025.01.13-14/ ажиллалаа.

Бүрэлдэхүүнийг Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр хүлээн авч уулзав.

Уулзалтад НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтнүүд, УИХ-ын Тамгын газрын НББХ-ны Ахлах зөвлөх, ГХЯ-ны атташе болон орон нутгийн холбогдох удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо.

Засаг даргын орлогч Б.Наранбаяр “Баянхонгор аймгийн хүүхэд багачууд тэдний гэр бүл, эрүүл мэнд, нийгмийн олон талруу хандсан төсөл хөтөлбөр бүрийн үр дүнд нэн таатай байна. Орон нутгийн зүгээс хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэн тэлнэ гэдэгт итгэлтэй байна” гэж онцлов.

НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан “Хүүхдийн сан” -тай олон жил, үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн Баянхонгор аймаг, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг бодитоор хангаж буй нийт бүрэлдэхүүнд баярлалаа” гэснээр Хүүхдийн сангийн зүгээс 21 аймагт хүрч ажиллах үндсэн суурь нөхцлийг Баянхонгор аймаг тавьж өгөн, биднийг сайтар туршлагажуулсан гэж тодотгов.

Гэр бүл, халамж, тэтгэврийн шинэчлэл, хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтийг хийхээр орон нутгаас тодорхой санал санаачилгыг УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга Л.Энхнасан биечлэн авч яваа аж. Тэрбээр Баянхонгор сумын 14-р цэцэрлэгийн /гэр цэцэрлэг/ үйл ажиллагааг ихэд сайшаагаад дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

НҮБ-ын Хүүхдийн сангаас 2025 онд Баянхонгор аймагтай эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалал, усны ариун цэвэр, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хамтран ажиллах юм.

Уулзалтын төгсгөлд НҮБ-ын Хүүхдийн Сангаас 9 сумын зудад нэрвэгдсэн өрхүүдэд зориулан эрүүл мэндийн 200 багцыг гардуулж өгөв.

2025-01-14 18:00:00