• 05 сарын 21, Мягмар гараг
МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ГОНЧИГИЙН БИРВАА
22 ХҮН ҮЗСЭН БАЙНА

БИРВАА Гончигийн /1916/. Сайн ноён хан аймгийн Эрдэнэбандид гэгээний шавь, өнөөгийн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум. Улсын циркийн хөгжмийн удирдаач байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1967-08-24. №111/, төрийн шагналт /1998/. Өнөөгийн Баянхонгор аймгийн Баянговь сум нутгийн айлд төрж Эрдэнэцогт сумын “Гайхамшигт” хэмээх алдарт дуучин Гончигийнд үрчлэгдэн өсч 1936 он хүртэл орон нутагтаа мал аж ахуй эрхлэн байгаад ардын цэргийн албанд татагдаж Тамсагбулагийн зургадугаар дивизийн хөгжмийн салаанд хуваарилагдсанаар ирээдүйн урлагийн зам нь эхэлжээ. Цэргийн жагсаалын бүрээчээс ангийн хөгжмийн дарга болтол дэвшин ажиллаад 1945-1948 онд Москвад хөгжмийн дарга нарын сургуульд суралцсан байна. 1950 оноос цэргийн үлээвэр найрал хөгжим, “Элдэв-Очир” кино театр, Хүүхэлдэйн театр, Улсын симфони найрал хөгжимд удирдаач, хөгжмийн багш, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны даргаар 1984 онд насны тэтгэвэрт гартлаа ажиллажээ. 1939 онд Халхын голын байлдаан, 1945 онд чөлөөлөх дайнд, 1944 онд баруун хязгаарт болсон зэвсэгт тулгаралтад оролцсон ахмад дайчин. 1940 оноос уран бүтээлийн ажлаа “Залуучуудын марш” хэмээх аялгуу бичиж эхэлснээс хойш нийтийн дуу, бүжгийн хөгжим, “Эрдэнэ тээлийн унага”, “Арван танхил, гурван хашир”, “Шинэ байшинд” драм, “Их хурим” дуурь, “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Нийслэл хүү”, “Баянбулгийнхан”, “Нэг ангийн хоёр” зэрэг 20-иод кино, “Маань хөгжөөх дуу”, “Дамдинчойжилын дорам” хэмээх симфони найраглал гэх мэт олон арван бүтээл туурвиж, дуунуудаараа “Хөдөө тийш”, “Зандан шоо”, “Хонгор нутаг” түүвэр ном хэвлүүлжээ. “Зандан шоо”, “Гоёхон чимэг юм уу даа”, “Намрын шөнө” нийтийн дуу, “Улаан дарцаг” киноны хөгжим, эрдүү хийлд зориулсан “Уянгын дуу” хэмээх концертын аяз зэрэг бүтээлээрээ төрийн шагнал хүртсэн байна. Шилдэг дуунуудынх нь эмхэтгэл “Хөдөө тийш” ном Улаанбаатарт 1966 онд хэвлэгджээ. 1981 онд МХЗЭ-ийн нэрэмжит шагналаар болон одон, медалиудаар шагнагджээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Мөнхдоржийн аав.

2024-04-14 14:00:00